АВСТРАЛИЙН ТҮҮХЭЭС

Анх 42,000-48,000 жилийн өмнө Австралид хүн нутаглаж эхэлжээ. Эдгээр анхны австраличууд одоогийн уугуул австраличуудын өвөг дээдэс байсан байна. Тэд өнөөгийн Зүүн Өмнөд Азиас хуурай газрын гүүрээр дамжиж, тэнгисээр
богинохон зайд аялсаар Австралид хүрч ирсэн байх магадлалтай. Эдгээр хүмүүсийн ихэнх нь нарийн төвөгтэй аман зохиолын уламжлалтай, газрыг шүтэж, зүүдэнд итгэдэг оюун санааны үнэт зүйлтэй, ан агнаж, үр жимс түүж амьдардаг
хүмүүс байлаа. Угсаатны хувьд Меланезчуудад хамаарах Торрес хоолойн арлынхан Торрес хоолойн арлууд болон Квийнслэндийн алс умардын хэсгүүдэд нутагласан бөгөөд тэдний соёл, зан заншил нь уугуул иргэдийнхээс ялгаатай
байлаа.

Австралийн эх газрыг харсан нь бүртгэгдсэн анхны Европ хүн бол Голландын аялагч Виллем Янсзоон бөгөөд тэрбээр 1606 онд Кэйп Йорк хойгийн эргийг харсан юм. XVII зууны турш голландчууд Шинэ Голланд гэж нэрлэсэн газрынхаа баруун болон хойд эргийн шугамыг бүрэн зурагласан боловч суурин байгуулах оролдлого огт хийгээгүй ажээ. Жэймс Күүк 1770 онд HM Bark Endeavour хөлөг онгоцоор аялж, Австралийн зүүн эргийг зураглан, тус газрыг Их Британийн эзэмшил хэмээн тунхаглажээ.

1788 оны нэгдүгээр сарын 26-нд Ахмад Артур Филлип Порт Жэксонд суурин байгуулснаар Британийн Шинэ Өмнөд Вэльсийн титмийн колонийн суурь тавигдсан. Энэ өдрийг сүүлд Австралийн үндэсний баярын өдөр Австралийн өдөр болгосон билээ. Одоогийн Тасман буюу Ван Диймений газарт анх 1803 онд суурьшиж, 1825 онд тусдаа колони болгосон. Нэгдсэн Вант Улс 1829 онд Австралийн баруун хэсгийг албан ёсоор эзэмшилдээ оруулсан байна. Шинэ Өмнөд Вэльсийн хэсгүүдээс тусдаа колониуд үүсэв.

Тухайлбал, 1836 онд Өмнөд Австрали, 1851 онд Викториа, 1859 онд Квийнслэнд тус тус байгуулагджээ. Өмнөд Австрали нь чөлөөт муж байдлаар байгуулагдсан бөгөөд хэзээ ч цөллөгийн колони байгаагүй юм. Викториа болон Баруун Австрали нь мөн чөлөөт статустай байгуулагдсан боловч сүүлд нь цөлөгдсөн ялтнуудыг хүлээн авч байлаа. Нүүдэллэн суурьшигчид эсэргүүцлийн кампанит ажил өрнүүлсний дүнд 1848 онд ялтнуудыг Шинэ Өмнөд Вэльсийн колони руу
цөлөхийг зогсоосон байна.

Тасманийн Порт Артур нь Австралид цөлөгдсөн хоригдлуудыг хорьдог хамгийн том хорих анги байлаа. Европчуудыг анх суурьших үед 350,000 байсан уугуул иргэд суурьшсанаас хойших 150 жилд огцом хорогдсоны гол шалтгаанууд нь халдварт өвчин, албан нүүлгэн шилжүүлэлт, соёлын задрал байлаа. Гэр бүлээс хүүхдүүдийг салгаж байсан явдлыг зарим түүхчид болон уугуул австраличууд нэг талаар геноцид гэж тооцож болно хэмээн мэтгэдэг. Энэ явдал уугуул хүн амын
тоо цөөрөхөд хүргэв. Уугуул иргэдийн түүхийн ийм тайлбарыг зарим судлаачид Улс төр, үзэл суртлын шалтгаанаар хэтрүүлсэн буюу зохиосон хэмээн маргадаг. Энэ мэтгэлцээнийг Австрали дотроо Түүхийн дайн гэгддэг. 1850-аад оны эхээр Австралид алтны халуурал эхэлсэн бөгөөд 1854 онд ашиглалтын лицензийн хураамжийг эсэргүүцэж Эврика Стокэйд хэмээх бослого гаргасан нь иргэний эсэргүүцлийн эхэн үеийн илэрхийлэл байв.

1855-1890 онд зургаан колони тус тусдаа хариуцлагатай Засгийн газартай болж, Британийн Эзэнт Улсын бүрэлдэхүүнд хэвээр байхын зэрэгцээ өөрсдийн хэргийн ихэнх хэсгийг удирддаг болжээ. Лондон дахь Колонийн удирдах газар гадаад харилцаа, батлан хамгаалах, олон улсын тээвэр зэрэг зарим асуудлыг хариуцсан хэвээр байлаа.

1901 оны 01 дүгээр сарын 1-нд арван жилийн төлөвлөлт, зөвлөлдөөн, санал хураалтын эцэст колониудын холбоо байгуулагджээ. Австралийн Хамтын Нөхөрлөл Британийн Эзэнт Улсын Доминион байдлаар байгуулагдлаа. Холбооны шинэ нийслэл болох Канберраг байгуулахын тулд Холбооны Нийслэлийн Нутаг Дэвсгэрийг (хожим Австралийн Нийслэлийн Нутаг  Дэвсгэр болсон) 1911 онд Шинэ Өмнөд Вэльсээс таслан байгуулсан. 1911 онд Хойд Нутаг Дэвсгэр Өмнөд Австралийн Засгийн газрын хяналтаас Хамтын Нөхөрлөлийн хяналтад шилжжээ. Австрали Дэлхийн нэгдүгээр
дайнд өөрийн санаа зоригоор оролцсон юм.

Олон австраличууд Австрали, Шинэ Зеландын Армийн Корпус (АНЗАК) Галлиполийн тулалдаанд ялсан явдлыг үндэстэн төрсөн явдал бөгөөд тус улсын анхны томоохон цэргийн ажиллагаа гэж үздэг. Олон хүн Дэлхийн хоёрдугаар дайны үеэр хийсэн Кокодагийн жимийн аян дайныг тухайн үндэстнийг тодорхойлсон үйл явдалтай адилтган үздэг. 1931 оны Вэстминстерийн тогтоолоор Австрали, Нэгдсэн Вант Улсын хоорондох үндсэн хуулийн холбоог албан ёсоор тасалжээ. Австрали энэхүү хуулийг 1942 онд баталсан боловч баталсан тогтоолын он сар өдрийг Дэлхийн хоёрдугаар дайны эхэн үе рүү ухраан тавьж, дайны үеэр Австралийн Парламентаас гаргасан хууль тогтоомжийн хүчин төгөлдөр байдлыг баталгаажуулж байв.

1942 онд Нэгдсэн Вант Улсын Ази дахь ялагдал, Японы Эзэнт Улсын аюул занал зэргийн улмаас Австрали АНУ-г шинэ холбоотон, хамгаалагч гэж үзэхэд хүрчээ. 1951 оноос хойш Австрали АНЗЮС-ын гэрээний дагуу АНУ-ын албан ёсны цэргийн холбоотон болсон юм. Дэлхийн хоёрдугаар дайны дараа Австрали Европоос ирэх цагаачдыг хөхиүлэн дэмжсэн бодлого явуулж байв. 1967 оны Австралийн бүх нийтийн санал асуулгын дараа Холбооны засгийн газар уугуул иргэдийн талаар бодлого хэрэгжүүлж, хууль гаргах эрх мэдлийг олж авсан.

1970-аад оны үе буюу Цагаан Австрали бодлогыг цуцалснаас хойш Европын бус Ази зэрэг тивээс ирэх цагаачдыг мөн хөхиүлэн дэмжих болсон. Үүний үр дүнд Австралийн хүн ам зүй, соёл, дүр төрх өөрчлөгдөн шинэчлэгджээ. 1986 оны Австралийн Акт батлагдсанаар Австрали, НВУ-ын хоорондох үндсэн хуулийн сүүлчийн холбоос тасарч, Австралийн муж улсуудын Засгийн газруудад Британийн гүйцэтгэх аливаа үүргийг дуусгавар болгож, НВУ-ын Нууц Зөвлөлд давж заалддаг байсныг болиулсан. 1999 оны Австралийн бүгд найрамдах засгийн бүх нийтийн санал хураалтаар Австралийн сонгогчдын 54% нь Австралийн Парламентын хоёр танхимын гуравны хоёрын саналаар сонгогддог ерөнхийлөгч бүхий бүгд найрамдах улс болох саналыг няцаажээ.

© Бүх эрх хуулиар хамгаалагдсан.