Яагаад заавал Англи хэл сурах ёстой вэ?

Англи хэлийг дэлхий дахинд “Дэлхийн хэл” хэмээн нэрлэдэг.
Яагаад гэж үү?

Учир нь Англи хэл бол дэлхийн бараг бүх улс оронд тодорхой хэмжээнд ашиглагддаг бөгөөд 60 гаруй улс орны албан ёсны хэл юм. Мөн олон улс оронд хоёр дахь хэл болон хэрэглэгддэг. Ингэснээр Англи хэл нь биднийг дэлхийтэй холбох гүүр, дэлхийн иргэн болох эхний алхам болдог.

Англи хэлийг эзэмшсэн хүн дэлхийд хаана ч очсон өөрийгөө ойлгуулж, бусдыг ойлгож, мэдлэг мэдээлэлтэй чөлөөтэй холбогдож чаддаг. Өөрөөр хэлбэл, Англи хэл бол таны боловсрол, ажлын амжилт, олон улсын карьер, өндөр цалин, аюулгүй амьдралын боломж зэрэг олон боломжийн гол түлхүүр юм.

Харамсалтай нь олон насанд хүрэгчид англи хэлийг амьдралдаа хэрхэн ашиглах, зорилгодоо хэрхэн хэрэглэхээ тодорхойгүйгээр “зүгээр л” сурах гэж оролдсоор байдаг. Харин та тодорхой зорилго тавьж, англи хэлийг зорилгоо биелүүлэх хэрэгсэл болгон сурах нь илүү үр дүнтэй бөгөөд хурдан амжилтад хүрэх замаа болгоорой.

Та яагаад Англи хэл сурахыг хүсэж байгаагаа ойлгохын тулд хэсэг хугацаа зарцуулаарай. Энэ нь таны албан тушаал эсвэл нийгмийн байр сууриа сайжруулах зорилготой тань холбоотой юу? Магадгүй энэ нь та илүү олон хүмүүстэй холбоо тогтоож, өөрийн танилын хүрээгээ өргөжүүлэх боломж байж ч болох юм.

Ямар ч шалтгаан байсан таны хувьд тодорхой байх нь хамгийн чухал. Шалтгаанаа бичээд өдөр бүр харах боломжтой газар байрлуулан зорилгодоо аль хэдийн хүрсэн мэт  төсөөлж, амжилтад хүрэх эерэг сэтгэл хөдлөлийг өөртөө бий болгоорой. Суралцах цаг ирэхэд та хэдийн эрч хүчтэй бөгөөд бэлэн байх болно.

© Бүх эрх хуулиар хамгаалагдсан.